Ногоон автобусны хэргээр 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа тухай АТГ-аас мэдээлсэн. Тэд бүгд шахуу дунд шатны дарга, мэргэжилтнүүд байгаа юм. Эл хэрэгт Хотын мээрүүд татагдан шалгагдаж эхлээд буй.
Тухайлбал,
Энэ сарын 01-нд Хотын дарга асан Ц.Батбаярыг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн. Улмаар өчигдөр /2023.11.03/ шүүхээс түүнийг хилээр гарахыг хориглож сулласан юм.
Мөн Хотын дарга асан М.Энхболдоос мэдүүлэг авсан.
Д.Сумъяабазарыг хэрхсэн эсэх нь одоо ч эргэлзээтэй. Арваннэгдүгээр сарын эхээр АТГ-аас ногоон автобусны хэргээр Хотын дарга асан Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нараас тайлбар мэдүүлэг авсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэднийг тус асуудлын талаар ямар мэдүүлэг өгсөн нь нууц гэгдэж буй.
Яг зургаа хоногийн өмнө хотын шинэ дарга Х.Нямбаатар сүүлийн 15 жилийн нийтийн тээврийн худалдан авалтыг бүхэлд нь “но”-той байж болзошгүй гэдгийг хэлээд автобусны хэргээр шалгуулах хотын дарга нарыг нэрлэсэн нь анхаарал татдаг.
Тодруулбал,
- 2009 оны 400 автобусыг тендер зарлахгүйгээр худалдан авахад Зам, тээврийн хөгжлийн сайд нь Х.Баттулга, Сангийн сайдаар С.Баярцогт, нийслэлийн Засаг даргаар Г.Мөнхбаяр ажиллаж байсан.
- 2015 онд Э.Бат-Үүл Засаг даргын үед дөрвөн удаагийн шууд гэрээгээр автобуснуудыг худалдаж авсан. Энэ онд авсан автобуснууд одоо огт ашиглагдахгүй байгаа.
- С.Амарсайхан Засаг даргын үед шар автобус,
- Д.Сумъяабазар Засаг даргын үед улаан, ногоон автобус авсан.