Гарааны бизнес эрхлэхдээ ганзага нийлэх нөхдөө зөв сонгоорой

  • 0
  • 127
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх
 
 

Гарааны бизнес эрхлэхдээ ганзага нийлэх нөхдөө зөв сонгоорой

 

  • Зарим алдааг гаргахгүй байвал илүү хурдтай урагшилж чадна

Mанай улсад гарааны бизнес эрхлэгчдийн тоо жил ирэх тусам өссөөр байна. Гэвч энэ төрлийн бизнес эрхлэгчдийн 90 орчим хувь нь бизнесээ эхлүүлээд гурван жилийн дотор дампуурдаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Учир нь тэдний олонх нь эрсдэлээ тооцдоггүй төдийгүй гарааны бизнесийг амар аргаар хурдан хөрөнгөжих боломж хэмээн хардаг байна. Бизнес эрхлэгчдийн ширээний ном болох Eric Ries-ын The Lean Startup номд гарааны бизнес нь өндөр эрсдэлтэй орчинд шинэ бүтээгдэхүүн гаргах явц хэмээсэн байдаг. Тиймээс хэрэв та гарааны бизнес эрхэлж буй, эхлүүлэхээр зэхэж байгаа бол эрсдэлээ тооцож, хариуцлагатай хандах нь хамгийн чухал аж. Гарааны бизнесээ хэрхэн амжилтад хүргэх аргыг танилцуулж байна. 

Ажилдаа дуртай бай

Бизнес эрхэлж эхлэхээсээ өмнө өөрөөсөө "би юуг хүсэж мөрөөддөг, юунд дуртай, юунаас эрч хүч, урам зориг авдаг вэ” гэж асуугаад үзээрэй. Улмаар өөрийнхөө хамгийн дуртай, сонирхдог салбартаа бизнесээ эхлүүлэх нь зөв сонголт шүү. Ихэнх хүн ажил эхлэхдээ ямар ашигтай вэ гэсэн өнцгөөс харж өөрт таалагддаггүй ажлыг хүчээр хийхэд хүрдэг. Хэдий өөрийгөө хүчлээд ажиллаж болох ч хэзээ нэгэн цагт хийж буй зүйлдээ дургүй, хүсэл сонирхолгүй байгаагаа ойлгох төдийгүй шантарч, бууж өгөх тохиолдол олон. Харин дуртай зүйлээ хийж буй бол та ямар ч саадыг давж чадна.

Багаа сайн бүрдүүлээрэй 

Бизнес бол хамтын ажил юм. Тиймээс бизне сийн түншүүдээ болон хамтарч ажиллах хүмүүсээ зөв сонгох нь чухал. Маш олон хүн бие, биетэйгээ таарахгүй гэсэн шалтгааны улмаас бизнесээ нураадаг. Тиймээс таны хамтрагч нар мэргэжлийн ур чадвар сайн, таны санааг сайн ойлгож дэмждэг төдийгүй сэтгэл зүйн хувьд тантай бүрэн зохицдог байх шаардлагатай. Ингэж хариуцлагатай баг бүрдүүлэх нь амжилтад хөтлөх гүүр болдог. Syracusae-ийн Гүйцэтгэх захирал Б.Энхзаяа нэгэн ярилцлагадаа "гарааны бизнес амжилттай байх шалтгааны 50 хувийг үүсгэн байгуулагчийн удирдах чадвар, үлдсэн 50 хувийг багийн гишүүдийн итгэлцэл” хэмээсэн байдаг. Харин Ard life-ийн захирал Б.Гантулга "би хамтарч чаддаг, хамтрагчаа ойлгодог, буруугаа хүлээдэг зан чанартай хүн багтаа авахыг эрмэлздэг” хэмээжээ. 

Хэрэгцээнд нийцэх бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгоно

Танай компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хүмүүст тулгардаг асуудлыг шийдэж эсвэл шинэ боломжуудыг санал болгож байвал амжилтад хүрч, байнгын хэрэглэгчидтэй болно. Тиймээс хэрэглэгчдийн хэрэгцээнд нийтсэн үйлчилгээ санал болгохын тулд тэдний асуудал, бэрхшээлийг ойлгож, судлах хэрэгтэй. Түүнчлэн бүтээгдэхүүн үйлчилгээний чинь талаар иргэдээс ирж буй санал шүүмжийг хүлээн авч, ажил болгон хэрэгжүүлээрэй. Ингэснээр олон нийтийн хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн гаргаж чадна. Ямар ч бизнес, ямар ч бүтээгдэхүүн эхэндээ төгс байдаггүй. Тиймээс алдаанаасаа суралцаж, амжилтад тэмүүлэх нь чухал. 

Менторын тусламж ав

Туршлага бол суралцсан алдаанууд гэдэг. Бизнест алдаа зөндөө гарах нь ойлгомжтой. Гол нь алдаагаа зөв харж, хүлээж авч, засаж залруулах хэрэгтэй. Гэхдээ зарим алдааг гаргахгүй байвал илүү хурдтай урагшилж чадна. Ямар ч бизнесийг яаж хийхийг математикийн томъёо шиг яг таг заадаггүй. Тиймээс мэдлэг, туршлагатай хүнийг дагаж сурч, хөгжих нь чухал.

О.Даваасүрэн
ЗГМ
 
Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх