ХХБ-наас луйвардсан 2 сая ам.доллар нь Монголд нас барсан хятад иргэнийх гэнэ

  • 0
  • 47
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Худалдаа хөгжлийн банкнаас хууран мэхлэх замаар бүлэглэн хоёр сая ам.доллар луйвардсан гурван этгээд баривчлагдсан тухай мэдээлэл өчигдөр мэдээллийн бүхий л сувгаар цацагдсан. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад, “баривчлагдсан гэдэг мэдээлэл худлаа” хэмээсэн юм. Түүнчлэн “гурав биш дөрвөн хүн байгаа. Тун удахгүй мэдээлэл гаргана” гэдгээ ч мөн өгүүлэв.

Уг хэргийн талаар бид багагүй зүйлийг тодруулж, эрж хайснаар Б.Энхбаатар, Б.Баттулга, Б.Бямбадорж нар нь зөвхөн банк луйвардаагүй бөгөөд нэг биш хувь хүн, байгууллагыг итгэл төрүүлэх замаар луйварддаг муу аргад “мэргэшсэн” этгээдүүд аж.

Тэд иргэдийг залилахдаа Б.Бямбадоржийн нэр дээр байдаг “Алтан Бат Өрлөг” ХХК-ийг ч нэг бус удаа  ашигласан байх магадлалтай баримт бидэнд олдсон юм. 2020 оны есдүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат нэгэн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Уг гэрээний нэр нь Тавин айлын орон сууцны барилга угсралтын ажил. Захиалагчаар “Алтайн орон сууц корпораци” ААТҮГ, гүйцэтгэгчээр “Алтан Бат Өрлөг” компани, захиалагчийн хяналт, гүйцэтгэгчээр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хамтарч Говь-Алтай аймагт байгуулсан гэрээнд тухайн үеийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат гарын үсгээ зурж, тамгаа даран баталгаажуулсан гэрээ юм.

Нийт гурван тэрбум дөрвөн зуун дөчин долоон сая, гурван зуун жаран мянга /3.447.365.000/-н төгрөгийн энэ бүтээн байгуулалт нь уг гэрээнд заагдсанаар бол 2021 оны зургадугаар сарын 30-ны дотор ашиглалтад орсон байх учиртай. Гэвч өнөөдрийг хүртэл Говь-Алтай аймагт уг орон сууц ашиглалтад ороогүйгээр барахгүй, тус компанийн зүгээс орон сууц барих газраа ч олоогүй, алга болсон байх юм. Гэтэл ийм том гэрээ хийсэн төрийг төлөөлсөн албан тушаалтнууд гэрээний гүйцэтгэлийг хянадаггүйгээс цаасан дээрх баримтад итгэдэг хүмүүсийн тархийг угаасан нэгэн луйварчин адаг сүүлдээ арилжааны банкыг тэрбумаар нь луйвардахдаа тулсан байгааг юу гэх вэ.

Уг гэрээг барин “манай компани ийм ажил хийж байгаа” хэмээн бусдын тархийг угааж, хувь хүмүүст итгэл төрүүлэх зарчмаар их хэмжээний мөнгө луйвардаж гаршсан этгээд болох Бямбаагийн Бямбадорж нь хүрээгээ тэлж, луйвардах ажилдаа Батсайханы Энхбаатар, Базаргүрийн Баттулга, Энхтөрийн Золхүү нарыг татан оруулсан уу. Эсвэл угаасаа иргэдийг луйварддаг этгээдүүдийн дөрөө нийлж нэгдсэн үү, ямартаа ч хамгаалалт хамгийн сайн хэмээн иргэдийн итгэлийг олсон Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая ам.доллар луйвардсан нь эдүгээ олон нийтэд ил болоод буй.

Сэжигтэн этгээдүүдийг Цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажлыг эхлүүлээд гурав хонож байгаа бөгөөд уг хэргийг үйлдэхэд тусалсан этгээд 50 гаруй насны эмэгтэй гэдэг. Ямартай ч нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжийн өгүүлж буйгаар Б.Бямбадорж нар нь Монгол Улсад барилгын бизнес эрхлэхээр ирсэн Хятад түншээ нас барсаныг ашиглан түүний банкинд байршуулсан хоёр сая ам.долларыг өөрийн болгохоор уг хэргийг хийсэн гэнэ. Тэд хятад иргэний дансанд байгаа мөнгийг мэдэнгүүтээ хэрхэн өөрийн болгох аргыг судалсаар холбогдох бичиг баримтыг хуурамчаар үйлдэн, мөн үүрэгт ажлаа гүйцэтгэхдээ өрөөлөөс гар хардаг, түүнийгээ “ёндоо” хэмээн авгайлдаг мэргэжлийн болон хувь хүний ёс зүйгүй этгээдүүдийг ашигласан байх магадлалтай гэнэ.

Дашрамд дурдахад, Б.Бямбадорж нь Говь-Алтай аймгийн Засаг даргын баталсан гэрээг харуулан 2021 оны нэгдүгээр сарын 14-нд иргэн У-гаас 50 сая төгрөг зээлсэн байдаг. Ингэхдээ, банкнаас зээл хөөцөлдөж байгаа, банкны хүн ёндоо нэхээд байна, 14 хоноод эргүүлж хүүтэй нь төлнө хэмээсэн байдаг. Харамсалтай нь түүний буцааж өгнө гэсэн хугацаа гурван сар болчихоод байхад зээлсэн мөнгөө өгөх бүү хэл байраа зараад алга болсон байсан гэнэ. Тиймээс луйвардуулсанаа мэдсэн зээлдэгч хайж явсаар олж очиход, “Азийн хөгжлийн банкнаас зээл бүтэхээр болсон, намбатай суугаад хүлээж бай” хэмээн дахин бултах гэж оролдож байсан талаар түүнд 50 сая төгрөгөө луйвардуулаад олж авсан иргэн У өгүүлсэн юм.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх