Ослоор нас барсан 430 хүний 86.7 хувь нь анхны тусламж авч чадаагүй

  • 0
  • 170
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

 

 

Гуравхан сая хүн амтай монголчуудад өнөөдөр цар тахлаас илүү зам тээврийн осол аюулын харанга дэлджээ. Дэлхий дахин Covid-19 халдвараар нас барсан хүнээ тоолж уй гашууд автаж байхад Монгол зам тээврийн ослоор эндсэн иргэнээ бүртгэж сууна. Сүүлийн дөрөв хоногт 35 хүн гэмтэж, таван хүний амь хохирчээ. Энэ бол цөөхөн хүн амтай Монголын хувьд их тоо.  Гэтэл өдөр бүр зам дээр хүмүүс амь тавьж байгааг бид бүртгэж, жилд 500 гаруй хүн амь насаа алддаг үзэгдэл ердийн мэт болов. Өнгөрсөн жил 430 гаруй хүн ослын улмаас амь насаа алдсаны  64 нь хүүхэд. Шалтгаан нь, хүүхдүүдийн 23 нь гэрийнхээ ойролцоо аав, ээж, ойр дотнын хүмүүсийнхээ автомашинд мөргүүлж энджээ. Үлдсэн 27 нь автомашинд зорчиж явахдаа ослоор  амиа алдсан байна. Хэдийгээр цар тахлын нөлөөгөөр замын ачаалал, осол буурсан ч хүүхэд хохирсон осол 2019 оныхоос өссөн нь томчуудын хайхрамжгүй үйлдэлтэй холбоотой болохыг цагдаагийн алба хаагчид хэлж байгаа юм.

      ОРОН НУТАГТ АМИА АЛДСАН ХҮМҮҮС ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ АВЧ ЧАДДАГГҮЙ

Тээврийн цагдаагийн албаны 2020 оны статистик мэдээллээр хүний амь хохирсон  зам тээврийн ослын дийлэнх нь орон нутагт бүртгэгддэг. Өнгөрсөн жил авто ослоор амиа алдсан 430 хүний 86.7 хувь нь анхны тусламж авч чадаагүй бол 13.3 хувь нь л осолдсон даруй тусламж авчээ. Харамсалтай нь, хүний амь хохирсон зам тээврийн осол аялал зугаалгын улиралд хамгийн их гардаг. Ялангуяа найм болон аравдугаар сард зам тээврийн ослоор хамгийн их хүн энддэг нь хот хоорондын хөдөлгөөн ихэсдэгтэй холбоотой. Өнгөрсөн жил зургаа, ес, аравдугаар сард хамгийн их зам тээврийн осол бүртгэгджээ. Судалгаагаар ослын шалтгааны 94 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс болдог хэмээн дүгнэжээ.

Шалтгаан нь архи согтууруулах ундааны хэрэглээ. Үүнийг цагдаагийн байгууллагаас сануулсаар, хэрдээ л хяналт тавих боловч жолооч нар цагдаагийн бараа өнгөрсөн төдийд аян замын идээ задалдаг нь нууц биш. Ийм шалтгаантай  зам тээврийн осол  өнгөрсөн онд 1103 бүртгэгдэж, 112 хүн амиа алдав. Энэ нь  өмнөх жилээс /2019 он / даруй 1.2 хувиар өссөн дүн юм.  Ослын улмаас амиа алдсан хүмүүсийн 80 гаруй хувь нь жолооч согтуурсан үедээ осол гаргажээ. Статистик мэдээллээр, согтуугаар үйлдэгдсэн ослын улмаас 46 жолооч, 36 явган зорчигч, 30 нь тээврийн хэрэгслээр зорчигчид байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн үед ослын улмаас амь насаа алдсан хүмүүс дийлэнх нь 36-аас дээш насныхан. Ялангуяа аялал зугаалга, амралтын улиралд хотоос гарсан даруйдаа орон нутгийн замыг хурдны замтай эндүүрч, аян замын идээгээ хэтрүүлж өөрийн болон бусдын амь насыг хохироосон тохиолдол цөөнгүй.

ХАГАРСАН, НҮХТЭЙ ЗАМАА ЗАСЪЯ

Нөгөөтэйгүүр, Монгол Улс автомашиныхаа тоонд тохируулан замаа хөгжүүлж, жолоочоо бэлдсэн эсэх нь эргэлзээтэй. Хагарсан, эвдэрсэн, нүхтэй зам, овоолсон шороо орон нутагт төдийгүй нийслэл хотод ч элбэг. Үүнийг тойрч гарах гэж жолооч осолдох нь цөөнгүй. Мөн замын тэмдэг тэмдэглэгээ хаалттай бишээс огцом эргэдэг газарт ч жолооч онхолдож осол гаргадаг. Ялангуяа амралт, аялал зугаалгын улиралд Улаанбаатарт бүртгэлтэй автомашинууд хотоос гарч, орон нутгийн замаар “нисдэг”.

Гэтэл хаяг тэмдэглэгээгүй, хагарсан нүхтэй замд чимээгүй аюул отож байдаг нь нууц биш. Үүнийг зөвхөн жолоочийн хурд хэтрүүлсэн буруу болгон тохож болохгүй биз ээ.  Мөн  орон нутгийн иргэдийн хувьд мотоциклын хэрэглээг дагасан осол ч сүүлийн жилүүдэд буурсангүй. Өнгөрсөн жил мотоциклын 479 осол бүртгэгдэж, 74 хүн амь насаа алдсан бол 295 хүн хүнд болон хөнгөн гэмтжээ. Ослын 80 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Цагдаагийн байгууллагынхан осол байнга гардаг газруудыг “хар цэг” гэж нэрлэн анхаарал хандуулсаар ирсэн ч дорвитой өөрчилж шинэчлэх шаардлага байна.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх