АВЛИГАЧДЫГ АЙЛГАЖ БУЙ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР

  • 0
  • 915
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

Улсын Дээд шүүхээс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг тайлбарласан нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон зарим томчуудын эгдүүцлийг төрүүлж байна.

-ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН БҮХ ХҮНИЙ ХЭРГИЙГ ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГААР ЯЛ ЗАВШУУЛАХГҮЙ, ХУУЛИЙГ ТЭГЖ ОЙЛГОЖ ХЭРЭГЛЭХГҮЙ ГЭДГИЙГ ДЭЭД ШҮҮХ ТУНХАГЛАВ-

“Гэмт хүн гилбэлзэх”-ийн үлгэрээр нийтэд ил гарч олон нийтийн шүүмжлэлд өртөхөөс айсан тэд өмгөөлөгчдийг өмнөө барьжээ. Сонин хэвлэл, сошиал сүлжээнд нэр бүхий өмгөөлөгчид хөөн хэлэлцэх хугацааны талаархи УДШ-ийн тайлбарыг “мушгин” ярьж иргэдийн тархийг “угаахаар” оролдож байна. Харин тэднийг хэний өмгөөлөгч билээ, ямар хэрэг маргаан дээр ажиллав гээд хайгаад үзвэл бүх зүйл тодорно. “Ял шийтгэл гарцаагүй байх ёстой” гэдэг зарчим манай улсад ядарсан хүнд л үйлчилдэг. Тэд хуулийн хийдэл, алдааг “ашиглаж” хөөн хэлэлцэх хугацааг дуусгаж ял завших боломж бийсэн бил үү?! Улстөрчид, албан тушаалтнууд шиг шүүх хурлаа янз бүрийн арга саам хийж хойшлуулж ч чадахгүй. Төлбөрийн чадваргүйн учир улсаас өгсөн өмгөөлөгчтэй шүүх хуралд ороод, өмссөн хувцастайгаа шууд ачигддагийг бид мэднэ.

Ийнхүү ардын хүүхдийн хэргийг нүд ирмэх зуур шийддэг бол албан тушаалтай, хөрөнгө мөнгөтэй задарсан авлигач бүтэн арван жилээр хэргээ шалгуулаад эцэст нь хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшаад өнгөрч байлаа. Ийм байж шударга ёс, тэгш байдал гэж ярих ч хэрэггүй. “Хөөн хэлэлцэх хугацаа гэгчийг буруугаар ашиглаж ял завшаад байгаа даварсан улсыг яах вэ, энэ хийдлийг далимдуулж ашиг орлого олохоор үүссэн тогтолцоог яаж нураах вэ” гэж Их хурлын гишүүдээс эхлээд хуульчид, эрдэмтэд, жирийн иргэд хүртэл дээр доргүй ярьсаар 3-4 жил өнгөрсөн ч бахь байдаг хэвээрээ. Авлигыг өөгшүүлсэн энэ заалтыг танай нам, манай нам тэрийгээ энийгээ чөлөөлүүлэхийн тулд оруулсан, би чи санаачилсан гэж хэрүүл хийхээс хэтэрч байсангүй.

Иргэдийн дургүйцлээс айсан эрх баригчид хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийн заалтыг 2020 оны 1 сард өөрчилж үзээд ч бараагүй. Цэц тэр хуулийн өөрчлөлтийг нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнээд хүчингүй болгочихсон. Тэгш эрх, шударга ёсны зарчмыг баримтлах ёстой Үндсэн хуулийн Цэц яагаад “авлигачдыг өөгшүүлсэн” ийм шийдвэр гаргав, улс төрчдийн дохио зангаагаар хөдөлчихлөө гэж шүүмжлэл гарсан ч удалгүй намжсан (намжаасан). Үндсэн хуулийн Цэц гэгч дээд ёс суртахуунтай байж дээд эрхээ хэрэгжүүлэх ёстой байгууллага нь эрх баригч улстөрийн намын хянан шалгах хорооны маягтай ажилласаар удаж байна. АН, МАН алин байх нь хамаагүй, ийм соёл Цэцэд тогтжээ. Ардчилал хөгжөөгүй манай нийгэм загасны ойтой, түүнийг нь улстөрчид, авлигачид овжиноор ашигладаг. Аман дээрээ авлига муухай гэж авлигачдыг эсэргүүцлээ гэх ч ачир дээрээ улстөрчид ч, хууль хяналтынхан нь ч, Цэцийн гишүүд нь ч бүгд хэтэвч, ашиг сонирхол нь нэгтэй, хоорондоо харилцан “барьцаатай”. Ийм цаг үед, хуучны муу нэртэй, луу данстай Улсын Дээд шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбар гаргасан нь, шүүхээс шударга ёсыг л хүсэмжилсэн нийгэм, иргэдийн сэтгэлд гэрэл асааж чадлаа. Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтын хийдэлтэй “цоорхой”-гоор албан тушаалтнууд “гоожоод” ял завшдаг нь энэ тайлбарыг гаргаж хэрэглэснээр төгсгөл болж байна. Эдүгээ мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд байгаа яллагдагчаар татагдсан бүх хүний хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшуулахгүй, хуулийг тэгж ойлгож хэрэглэхгүй гэдгийг Дээд шүүх “тунхаглав”. Авлигачидтай тэмцэхийг, тэгш байдлыг хүссэн хүн бүр алга ташмаар сайхан шийдвэр гаргаж. Харамсалтай нь энэ учрыг нарийн ухаж ойлгоогүй иргэдийн сэтгэхүйг мөнөөх л эрх мэдлээ урвуулсан, хулгайгаа хийсэн, ял завшихаар зэхэж байсан авлигачидын “шээс гоожиж” өмгөөлөгчдөө турхиран тоглолт хийгээд удаж байна.

Тэд “Иргэдийн эрх зүйн байдлыг дордууллаа” гэж хашгирцгааж байна. Чухам хэний эрх зүйн байдал дордсон, хэний хэрэг хөөн хэлэлцэх хугацаа гэх хуулийн хийдлээр хэрэгсэхгүй болдог, хэн хождог вэ гээд лавшруулан бодож судлавал тэдний зорилго үйлдэл ойлгомжтой болно. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанд оруулах тайлбарын төсөл боловсруулах, хэлэлцүүлэхээс эхлээд нөлөөлөх гэсэн оролдлого нь амжилтгүй болсон тэд сүүлийн сумаа тавьж байна. Ард түмний, олны боломжоос хулгайлсан авлигач албан тушаалтан баригдаад хэдэн арван өмгөөлөгч хөлсөлнө, түүнээсээ татгалзана, өмгөөлөгчөө солино, тэд нь хэрэгтэй танилцаагүй, өвчтэй гэж янз бүрийн шалтаг шалтгаан хэлж эрүү, шүүхийн процессыг завааруулж хойшлуулахад гаршсан байдаг. Энэ нь ч хөлс мөнгөтэй. УДШ-ийн саяхи тайлбар тэдний нэгдмэл ашиг сонирхолыг хөндөж байгаа нь тэр. Мэргэжлийн үүргээ гүйцэтгэж байгаа нэртэй ч өмгөөлөгчдийн эдгээр үйлдлийн цаана нь хувийн шунал, өөр бусад зүйлс байдгийг олон хүн мэднэ.

-ДЭЭГҮҮРЭЭ ХУВААЖ ИДСЭН ОЛОН САНГУУДЫН ХЭРЭГ Ч ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААНД ХАМААРАХ БОЛОМЖТОЙ-

Нөгөө л Эрдэнэтийн мөнгөөр туйлагч “Жаст”-ын Батхүү, Оюутолгой, Эрдэнэтийн 49 хувийн хэрэгт холбогдоод улсаасаа зугтаж өнөөдрийг хүртэл ирэхгүй байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс эхлээд хөрөнгө мөнгөтэй, танил талтай олон хүний хэрэг, тэр ч байтугай өнөөдөр улс даяараа хэлэлцээд аль ч нам нь “өмөөрөхгүй” гэж зарлаад буй Хөгжлийн банкны гэх том луйвар, дээгүүрээ хувааж идсэн олон сангуудын хэрэг ч хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах боломжтой.

Иймээс ч үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж буй нам дамнасан улс төр бизнесийн бүлэглэлүүд өмгөөлөгчдөөр Дээд шүүхийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гаргасан тайлбарыг Цэцэд өгүүлэхээр шийджээ.

Өмгөөлөгчид ч хүний эрхийг дордуулсан заалтыг Цэцэд өгнө, унагана хэмээн ил тод мэдэгдээд байна. Хэнийг ч юуг ч худалдаж авч болно гэж боддог авлигачдын хувьд улс төрийн томилгоотой, олонх нь нээнтэгтэй Цэцийнхнээр ямар шийдвэр гаргуулахаа тохирсон байж ч мэднэ. Ингэж хардах ч үндэслэлтэй. Учир нь Дээд шүүхийн хууль тайлбарласан шийдвэрийг Цэц хянах эрхгүй, Үндсэн хуулиар ийм эрхийг Цэцэд олгоогүй гэдгийг  нам дамнасан улстөр бизнесийн бүлэглэлүүдийг өндөр хөлсөөр өмгөөлдөг том хуульчид мэдэхгүй байх учиргүй, мэдэхийн цаагуур мэднэ. Мөнгө байхад бүхнийг зохицуулж болно гэдэг шиг ямар хуулийг гөрдөж, өөрт ашигтай байдлаар тайлбарлахыг таах аргагүй.   Цагаан захтнууд, улс орны баялгаар тоглогсдын эсрэг, албан тушаалтны гарын аясаар хөдлөхгүй гэдгээ Дээд шүүх энэ тайлбараараа харуулж чадсан ч Монголыг хувааж идсэн бүлэглэлүүд түүнийг өөрчлөхийн төлөө юу ч хийж чадна. Авлигын эсрэг тэмцэнэ, Хөгжлийн банкийг тоносон хүмүүст хариуцлага тооцно гэж төрийн тэргүүн нь ч, эрх баригч МАН болон сөрөг хүчин АН-ын гишүүд нь ч чангаар дуугарсан нь үнэн эсэхийг хөөн хэлэлцэх хугацааны асуудал жинхэнэ утгаар нь ойрын өдрүүдэд харуулна. Тухайн цагт эрх барьж буй намын дохиураар ажилладаг гэгддэг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн үзэгний үзүүр Монгол Улсын Дээд шүүхийн зүг яаж чиглэхийг харцгаая. Эрх зүй, зарчим, хууль, шударга ёсны талд зогсох нь үү, эсхүл эсрэгээрээ юү гэдгийг...

Л.Нанзаддорж 2022.03.22

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх