“Агаарын ордон” асуудал дагуулж байна.

  • 0
  • 92
© Монгол Коммент Copyright
ҮСГИЙН ХЭМЖЭЭ:
Хэвлэх

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ирэх долоо хоногт Катарт айлчилна. Энэ нь түүний хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойшхи анх удаа тус улсыг зорьж байгаа айлчлал юм. Тиймээс ч Катарын хааны зүгээс хүндэт зочиндоо онцгой бэлэг бэлдэж, 400 сая ам.долларын үнэтэй БОИНГ 747-8 загварын тийрэлтэт онгоц бэлэглэхээр зэхээд байна.

 

АНУ-ын ерөнхийлөгчид зориулсан энэ онгоцыг маш тансаг байдлаар тохижуулсан учир зүгээр нэг онгоц бус “Агаарын ордон” хэмээн нэрийдээд байгаа.

 

Трампын засаг захиргаа энэхүү үнэтэй бэлгийг хүлээн авахыг зөвшөөрсөн нь АНУ-д багагүй шүүмжлэл дагуулаад байна. Тус улсын Үндсэн хуулиар төрийн тэргүүн болон өндөр албан тушаалтан Конгрессийн зөвшөөрөлгүйгээр өндөр үнэтэй бэлэг авахыг хориглосон байдаг ч Д.Трамп бэлгийг талархан хүлээн авна хэмээн мэдэгдсэн. Тэрээр энэ бол зүгээр л бэлэг. Ийм бэлгийг авахгүй гэвэл тэнэг хүн болох биз” хэмээн сэтгүүлчдэд хэлжээ. АНУ-ын ерөнхийлөгч Air Force one гэдэг тусгай онгоцыг хөлөглөдөг. Одоогийн унаж байгаа онгоц нь 40 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн болохыг Д.Трамп мөн ням гарагт сошиал сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн байна.

 

АНУ-ын ерөнхийлөгчийн онгоцыг шинэчлэхээр БОИНГ компанид захиалга өгсөн байсан ч тодорхой хугацаагаар хойшилсоор байгаа тухай тэрээр мөн онцолж агаарын хөлгийн үйлдвэрлэгчдэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.

 

Тэгвэл АНУ-ын ерөнхийлөгч гадны улсаас 400 сая ам.долларын үнэтэй тансаг онгоц хүлээн авах нь зөв гэсэн талцал ид өрнөж байна. Ерөнхийлөгчийн засаг захиргаа, АНУ-ын Дотоод яамны зүгээс “Урьд өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч ийм хэмжээний овортой, ийм өндөр үнэтэй бэлэг авч байсан тохиолдол байхгүй. Гэхдээ Катарын бэлгийг хүлээн авах нь Үндсэн хуультай харшлахгүй. Учир нь Трампыг ерөнхийлөгч байх хугацаанд багтаж 2029 оны нэгдүгээр сарын 19-нөөс өмнө Трамп ерөнхийлөгчийн тусгай санд хандивлагдах учир хууль зөрчихгүй” хэмээн тайлбарлаж байна. Харин олон нийт болон Ардчилсан намын гишүүд энэ бол авлигын хэлбэр хэмээн эсэргүүцэж байгаа юм.

 

Сенатын цөөнхийн удирдагч "Чак Шумер энэ бол зүгээр нэг авлигын хэрэг гэхгүй, гадаадын нөлөөлөл болно” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

 

Мөн АНУ-ын ерөнхийлөгчийн унах хөлөг аюулгүй байдал талаасаа хэр хангагдсан бэ, гадаад улс орны бэлэглэсэн онгоцоор төрийн тэргүүн аюулгүй зорчих баталгаа бий юу зэргээр сэдэв цааш улам өргөжсөөр байна. Тэгвэл бэлгийг авсан даруйдаа ерөнхийлөгч унахгүй, аюулгүйн баталгааг хангах техникийн хяналт явуулж, зарим тусгай тоноглолуудыг нэмсний дараа ашиглах болно гэдгийг эх сурвалж ярьжээ.

Сэтгэгдэл 1
Сэтгэгдэл үлдээх