УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2025.05.16/Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах болоход гишүүдийн олонхи буюу 59 гишүүн дэмжээгүй учраас уг төсөл унаж, төрхөмдөө буцсан юм. Дээрх шийдвэртэй холбоотойгоор импортын гурил, тэжээлийг гаалийн татвараас чөлөөлөх хуулийн үйлчлэл хэвээр үлдсэн юм. Энэ асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “УИХ дөнгөж сая Монгол Улсын хөдөө аж ахуйн тулгуур салбар болсон газар тариалангийн үйлдвэрлэлийн түүхэнд хараар бичигдэх хуулийг баталлаа. Монгол Улс улаан буудай, үр тарианы үйлдвэрлэл явуулах шаардлагагүй гэдэг бодлого гаргалаа. Энэ бол Монгол Улсын үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд ноцтой харш шийдвэр гэж салбарын сайдын хувьд үзэж байна.
Ялангуяа энэ шийдвэрийг гаргахад УИХ -ын дарга өөрийн санаачлагаар унагаах ажлыг зохион байгуулж байгаад туйлын сэтгэл хангалуун бус байна.
Газар тариалангийн үйлдвэрлэл, хаврын тариалалт ид явж байгаа энэ цаг үед Монгол Улсад улаан буудай шаардлагагүй, дотооддоо гурил үйлдвэрлэх шаардлагагүй, импортоор хангана гэдэг бодлогыг баталж байна. Өнгөрсөн парламентаар баталсан хуулийн хүрээнд тариалалт унаж, гурил үйлдвэрлэл огцом багассан. Олон сая ам.доллараар бэлэн гурил, малын тэжээл авдаг болчихоод байна. Энийг засъя гэсэн Засгийн газрын бодлогыг УИХ дэмжсэнгүй. Covid-19 сургамж байгаа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн санаачилж, Хүнсний хангамжийн тухай хуулийг батлуулж, Хүнсний хувьсгал хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байгааг та бүхэн мэднэ. Энэний үр дүнд газар тариалан сэргэж, дотоодын үйлдвэрүүд 100 хувь гурилаа үйлдвэрлэж чаддаг болсон. Улаан буудайн тариалалт байна гэдэг мал аж ахуй тэжээлтэй байна, ган зудын эрсдэлээс ангижирч байна гэсэн үг. Гахай, тахиа, сүү, шувууны аж ахуй бий болно гэсэн үг.
Энэ бодлогыг дэмжиж Засгийн газар Атрын- 4 аяныг зарласан үед газар тариалангийн суурь болсон улаан буудайн таримлыг тариулахгүй байх бодлогыг УИХ баталлаа. Энэ бол Монгол Улсын үндэсний эрх ашгаас урвасан үйлдэл.
1990-ээд оны дундуур ийм шийдвэр гарч байсан. Үр дүнд нь газар тариалан уналтад орж, атаршсан. Ажиллаж байсан нэгдэл, сангийн аж ахуй нь тарсан. Мэргэжилтнүүд нь өөр салбар луу шилжсэн, төв суурин газар луу явсан.
2008 онд С.Баярын Засгийн газар энэ гутамшигт байдлаас гарахын тулд Атрын-3 аяныг өрнүүлж газар тариалангийн салбараа сэргээсэн.
Асар урт хугацаанд их хөрөнгө мөнгө зарцуулдаг ажил. Асар их хөрөнгө оруулалт дэмжлэг аж ахуй нэгжүүдэд очсон. Одоо тэдгээр аж ахуй нэгж өр зээлээ яаж төлөх юм. Гахай тахианы аж ахуй тэжээлээ хаанаас авах вэ. Маш хортой, уршигтай шийдвэр. Хамгийн харамсалтай нь УИХ -ын дарга нь энийг өөрөө УИХ -ын индэр дээрээс өөрөө чиглүүлж, зохион байгуулж байгаад харамсаж байна.